Wednesday, April 2, 2014

Эцэг эхийн хурлыг яаж хийдэг юм бэ?



Нийслэлийн ... дүгээр сургуулийн 5 дугаар ангийн эцэг эхийн хурлын үеэр болсон ярианаас:
Хурал 6 цагаас эхлэх ёстой байлаа. Цаг хартал 6:32 болж байв. Ангид ирсэн хүмүүсийг сэм ажиглавал аав ээж, эмээ өвөө, ах эгч, оюутан бас найм юм уу есдүгээр ангийн гэмээр хоёр охин нийлсэн 12 хүн сууж байв. Уг нь 36 сурагчтай анги гэж байгаа. Ангийн багш ширээнийхээ ард сууж ямар нэгэн юм бичиж харагдана. Ангид байгаа хүмүүсийн зарим нь цагаа байн байн харан санаа алдана. Зарим нь анги доторх байдлыг тойруулан ажиглана. Үлдсэн хэсэг нь гар утсаараа оролдож сууна. Гэнэт 3 дахь эгнээний арын ширээнээс нэгэн ээж:

 - Хурал 6 цагт эхлэх  юм биш үү? 6:30 өнгөрчихлөө. Эхлэхгүй юм уу гэсэн бухимдангуй өнгөөр багшаас асуув. Гэтэл багш хариуд нь:
- Би ер нь хурал байнга хийгээд байдаггүй, та нарыг дахин дахин цуглуулдаггүй, бусад нь дуугүй байхад та яахаараа ингэж олон юм ярьж байдаг байна аа хэмээн хариу  бухимдав. Ангид сууж байсан бусад хүмүүс нүдээ нэг том болгосноо өөр өөрийн бодлоо нуун таг чимээгүй сууцгаалаа.
Ингээд хурал 6:50 гэхэд эхэлж, энэ хүртэл 3 эцэг эх л нэмэгдэж  ирэв. Энэ бүгдийг харж суусан надад төрсөн бодлоо та бүхэнтэй хуваалцъя.

Эндээс дараах асуултууд урган гарч байгаа юм. “Хүлээж суусан хүн бүрийн өмнөөс өөрийн үгээ бухимдангуй хэлсэн ээжийн буруу юу?  Аль эсвэл нийт эцэг эхээ хамруулчих санаатай байсан ч бүдүүлэг гэмээр багшийн харилцаа хэр зохистой вэ? Ирээгүй буюу хоцорч ирж байгаа эцэг эхээс болж энэ маргаан үүссэн үү? Эсвэл эцэг эхийн хурлыг зөв зохион байгуулж сураагүй багш бидний нэгэн дутагдал уу?

Багш, эцэг эхийн хамтын ажиллагааны нэг хэлбэр бол эцэг эхийн хурал юм. Гэвч ажиглалт, судалгаанаас үзэхэд эцэг эхийн хурал үр дүн багатай болдог нь аль аль талынх нь алдаа дутагдлаас үүддэг бололтой.

Эцэг эх, багш нарын гаргадаг нийтлэг алдаа

 Эцэг эхийн хурал зохион байгуулахдаа багш нарын гаргадаг нийтлэг алдаа:

•    Бэлтгэл багатай, яаруу давчуу хурал хийдэг
•    Хурлын товыг тулгаж гэнэт зарладаг
•    Эцэг эхчүүдийг дутуу хагас хамруулдаг
•    Бусад ангиудын хурал зөвлөгөөнтэй давхцуулдаг
•    Хурал хийдэг нэгэн хэвшмэл арга барилтай. Багш их ярьж, эцэг эхчүүд голдуу сонсогчоор суудаг
•    Эцэг эхчүүдийн яриаг өрнүүлэх оролдлого хийдэггүй, тэдний үгийг сонсдоггүй
•    Эцэг эхчүүдэд хагас, дутуу, заримдаа онц хэрэгцээгүй мэдээлэл өгдөг
•    Хурал хийхдээ аль нэг зүйлд зориулан мөнгө төгрөг татах асуудлыг байнга хавчуулдаг
•   Сурагчдынхаа сурлага хүмүүжлийн ахиц, өөрчлөлтийг хүүхэд нэг бүр дээр ажиглан тэмдэглэж, тодорхой судалгаа хийдэггүйгээс эцэг эхэд “Танай хүүхэд давгүй дээ”, “Танай хүүхэд жаахан хөдөлгөөнтэй шүү” гэх мэт ерөнхий, бүдэг бадаг хариулт өгдөг.
•    Зарим хувийн сургуулийн багш нар хүүхдийн сурлагын дүнг үнэн зөв мэдээлдэггүй гэх мэт

Эцэг эхийн хуралд  аав ээжүүдийн хандах хандлага, гаргадаг нийтлэг алдаа:

•    Цаг баримталдаггүй, хуралд хоцорч очдог
•    Зарим нь эцэг эхийн хуралд ач холбогдол өгч очдоггүй
•    Багшийн амыг харж, идэвхгүй сонсогчийн байр сууринаас ханддаг
•    Ажил чухал байна. Хүүхэд яах вэ, аяндаа болно гэж боддог
•    Багшид 100% хүүхдээ даатгаад өөрсдийгөө чөлөөлдөг
•    Багшийн алдаа дутагдлыг хэлэхээс айдаг
•    Хүнтэй зөв харьцах, ялангуяа хүүхэдтэйгээ эерэг зөөлөн харилцах талаар мэддэг хомс, сонин, сэтгүүл уншдаггүй, цахим мэдээлэл хайдаггүй
•    Хүүхэд хүмүүжүүлж байгаа өөрийнхөө арга барилыг буруу байна уу даа гэж нэг ч удаа бодож үздэггүй
•    Согтуу аав ээж хуралд суух тохиолдол гардаг гэх мэт

Эцэг эхийн хурал зохион байгуулах хэлбэрүүд

Хичээлийн жилийн анхны эцэг эхийн хурал голдуу зохион байгуулалтын  чанартай байж болох юм. Үүнд, эцэг эхийн зөвлөл сонгох, тухайн хичээлийн жилд ямар ажлууд хийгдэх талаар багш өөрийн төлөвлөснөө танилцуулж,  түүн дээрээ эцэг эхчүүдийн санал бодлыг авч нэмэлт оруулах, эсвэл хурал болохоос өмнө хүүхдүүдээр нь дамжуулан урьдчилан санал сэтгэгдлийг нь авч чадвал бүр сайн. Ингээд дараа дараачийн хурлыг өгөөжтэй, сонирхолтой зохион байгуулахын тулд  дараах хэлбэрийн ажлуудыг  та туршаад үзээрэй.

Эцэг эхээс авах мэдээлэл: Хүүхдийн ар гэрийн байдал, гэрийн хаяг, эрүүл мэнд, суурь өвчин болон илүү онцгой анхаарах шаардлагатай зүйл, авьяас билэг, зан чанарын талаар эцэг эхээс мэдээллийг бичгээр буюу асуулгаар авч үлдэх.

Сэдэвчилсэн мэдээлэл: Багш таны хийж байгаа хурал бүрт зайлшгүй байх ёстой нэг хэсэг бол эцэг эхчүүдэд тодорхой, шаардлагатай сэдвээр онол арга зүйн мэдээлэл өгөх. Жишээлбэл, тухайн ангийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, эцэг эхийн эрх үүрэг, эцэг эх хүүхдийн харилцаа гэх мэт сэдвээр илтгэлийг  10-15 минутад  явуулж хэвших. Ингэснээр таны бүтэн жилийн турш хүүхэд сургах хүмүүжүүлэх ажил тань хөнгөлөгдөж, эцэг эх бүр таны дотны хамтран ажиллагч, туслагч болоход их дэмтэй байдаг.

Хэлэлцүүлэг маргаан: Тухайн цаг үеийн анхаарал татаж буй асуудлаар багш, эцэг эхчүүдтэй  санал сэтгэгдлээ чөлөөтэй солилцож, эцсийн зөв шийдийг хамтдаа гаргах.  Жишээлбэл:  хар тамхи, мансууруулах бодис зэрэг нийгэмд үүсч буй сөрөг үзэгдлээс хүүхдийг сэргийлэх, хүүхэд сурлагаар хоцрогдох, хүмүүжлийн доголдол,  ангийн хуримтлал үүсгэх, багш өөрийн давуу эрхээ ашиглан ном, сонин, сэтгүүл авахыг тулган шаардах, анги сургууль тохижуулах нэрийдлээр их, бага хэмжээгээр мөнгө татах гэх мэт асуудлыг хамтаараа хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх

Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө: Үүнийг багш эцэг эхчүүдтэй ганцаарчилсан болон хэсэгчилсэн байдлаар зохион байгуулна. Хуульч, сэтгэл зүйч, эмч, нэрд гарсан хүмүүсийг  оролцуулж  хамтарч хийвэл илүү өгөөжтэй.

Танил хүнтэй хийх  ярилцлага:  Ангийн сурагчдын аав ээжүүдийн хүүхэдтэйгээ ажилладаг туршлага, ажил мэргэжилтэй нь холбогдох зөвлөгөөнөөс бусад залуу аав ээжүүдэд санаа өгөх зорилгоор  эцэг эхийн хурлын төгсгөлд яриаг нь оруулж өгч болох юм.

Хамтарсан хурал:  Эцэг эх, багш, сурагчдын гурвалсан хамтын хурал. Багшаас бэлтгэл туршлага шаардана. Сурагчдын алдаа дутагдлыг нийтийн дунд зарлахгүй, энэ үед ганцаарчлан хэлж мэдэгдэнэ.

Эцэг эхчүүдэд зориулсан хичээл:  Багш бүр өөрийн өвөрмөц арга барилаар хичээлээ явуулдаг. Хүүхэд гэртээ харихаар эцэг эхчүүд бас нэг өөр аргаар заадаг. Энэ үед хүүхдэд асуудал тулгарна. Тиймээс эцэг эхчүүдэд зориулж  аливаа нэг шинэ бүлэг сэдэв орохоос өмнө бяцхан хичээл заах нь эцэг эхчүүд сургалтын арга барилаас эзэмшиж,  хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд тусалж дэмжихэд тустай. Зарим сургуульд эцэг эх нэг өдөр хүүхдийнхээ оронд “сурагч” болдог туршлага ч бий.

Эцэг эхийн хурлын сэдэв 

Бага ангийн (1-5 дугаар анги) эцэг эхийн хурлын зарим сэдвийг санал болгож байна. Үүнд:

1. Бага насны хүүхдийн бие физиологи, сэтгэлзүйн онцлог
 2. Бага насны хүүхдэд хэрхэн анхаарал тавих, харилцааны онцлог, сонирхол авьяасыг хөгжүүлэх, хувийн онцлогийг мэдэх аргачлал
3. Зөв суух, хараа муудахаас урьдчилан сэргийлэх, амархан ядрах, сонирхол буурахаас сэргийлэх арга замууд
4. Хичээлийн хуваарь, зөв хооллох, амрах, даалгавар хийх, даалгаврын биелэлтэд хяналт тавих талаар
5. Хүүхдийн буруу дадлыг арилгах, гэр бүлийн сургуульд хүмүүжүүлэх зайлшгүй шаардлагыг ойлгуулах
6. Бага насныхны сэтгэлийн  хөөрөл, бусдыг дагаж дууриах, аялдан дагах, бусадтай таарамжгүй байх, сэтгэл дундуур байх зэрэг өөрчлөлтийг даван гарах талаар
7. Бага ангийн сурагчдын шинэ мэдлэгийг эзэмших боломж, түүний ой ухааны хөгжил
8. Найз нөхдөө зөв сонгох
9. Хүний биеийн хэсгүүдийн нэршил (их бие, амьсгал, цусны тархины, харааны гэх мэт), бие эрхтнээ арчилж хамгаалах
10. Эцэг эхийнхээ ачийг хариулах нь хүүхдийн үүрэг гэдгийг ойлгуулах